Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт түүхэндээ хамгийн дээд хэмжээнд буюу 386 тэрбум ам.долларт хүрлээ.

Цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалт өсөж байгаа хэдий ч улс орон бүрийн зохицуулалтын бодлогоос үүдэн зах зээлийн түвшин ялгаатай байна.

2025 оны эхний хагаст дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний төсөлд нийт 386 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, шинэ дээд хэмжээнд хүрснийг “BloombergNEF(BNEF)”-ийн “Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын тайлан”-д дурджээ.  Энэ нь 2024 оны мөн үетэй харьцуулахад 10%-аар өссөн үзүүлэлт юм.

Энэхүү үзүүлэлтэд хүрэхэд жижиг хэмжээний нарны болон далайн салхин эрчим хүчний хөрөнгө оруулалт голлон нөлөөлсөн бол томоохон хэмжээний нарны болон хуурай газрын салхины эрчим хүчний санхүүжилт буурсан байна.

Нар, салхины томоохон төслүүдийн хөрөнгийн санхүүжилт 2024 оны эхний хагастай харьцуулахад  13%-аар буурсан нь 2006 оноос хойших нийт хөрөнгө оруулалтын хамгийн бага хувийг эзэлж байна.  Үүнээс хамгийн ихээр буюу 19%-аар буурсан нь том хэмжээний нарны эрчим хүчний хөрөнгө оруулалт байна.

Хятадын эх газар, Испани, Грек болон Бразил зэрэг улсуудын зах зээлд эрчим хүчний хязгаарлалт нэмэгдэж, цахилгааны үнэд сөргөөр нөлөөлж буй нь хөрөнгө оруулагчдын орлогодоо санаа зовох үндэслэл болж байна. Харин засгийн газрын дуудлага худалдаа, тогтвортой  корпорацын эрэлттэй бүс нутгуудад хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах сонирхол өндөр байна.

Жижиг хэмжээний нарны эрчим хүчний хөрөнгө оруулалт эрчимтэй өссөн бөгөөд ялангуяа Хятадын эх газарт хөрөнгө оруулах нь өмнөх онтой харьцуулахад бараг хоёр дахин нэмэгджээ. Энэ нь зохицуулалтын өөрчлөлтөөс өмнө төслөө хурдасгахад нөлөөлсөн бөгөөд уг өөрчлөлт нь сэргээгдэх эрчим хүчний үнийг тогтворгүй болгож байна.

Далайн салхин эрчим хүч 2025 оны эхний хагаст 39 тэрбумын ам.долларын хөрөнгө оруулалт татаж 2024 оны бүтэн жилийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээг давсан байна.

“BloombergNEF(BNEF)”-ийн Цэвэр эрчим хүчний газрын дарга Мередит Аннекс “Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулагчид, хөгжүүлэгчид хөрөнгийн хуваарилалт хийхдээ сайтар тунгааж, илүү ашигтай, үр өгөөжтэй төсөлд хөрөнгө оруулж байна. 2025 оны эхний хагаст том хэмжээний нарны болон хуурай газрын санхүүжүүлэлт буурснаас болж төслийн багцад хохирол учруулж байгаа бөгөөд энэхүү байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна” хэмээн онцлон дурджээ.

АНУ-ын хувьд хамгийн их уналттай буюу хөрөнгө оруулалтын хэмжээ 2024 оны сүүлээс 36%-аар буурсан нь сонгуулийн дараах тодорхойгүй байдал, салхины эрчим хүчний хөгжлийн удаашрал, тарифын эрсдэлээс үүдэлтэй байна.

Харин АНУ-руу оруулах хөрөнгө оруулалтаа Европын далайн салхины эрчим хүчний төслүүдэд шилжүүлснээр Европын холбооны 27 улсын хөрөнгө оруулалт 2024 оны хоёрдох хагастай харьцуулахад 30 тэрбум ам.доллар буюу 63%-аар өссөн байна.

2024 оны хурдацтай өөрчлөлтийн дараа хөгжиж буй зах зээлүүд тогтвортой болсон ба Зүүн Өмнөд Азийн хөрөнгө оруулалт 7%-аар өсөж, Латин Америкт бүс нутгийн хэмжээнд эзлэх хувь нь нэмэгдсэн байна.

Хятадын эх газар хөрөнгө оруулалтын хэмжээ давамгай хэвээр байгаа бөгөөд оны эхний хагаст дэлхийн нийт хөрөнгө оруулалтын 44%-ийг бүрдүүлж байна.

Эх сурвалж: Energy Live News Ltd, 2025 он