Эрчим хүч хуримтлуурын станц

Монгол Улсын эрчим хүчний анхдагч гол эх үүсвэр нь нүүрс бөгөөд эрчим хүч үйлдвэрлэлийн дийлэнхийг уламжлалт нүүрс шатаадаг дулаан цахилгаан хосолсон станцаас үйлдвэрлэж байна. Сүүлийн жилүүд дэх эдийн засгийн хүндрэлийг эс тооцвол манай орны эдийн засаг болон уул уурхайн салбарын эрчимтэй хөгжил нь нийт улсын хувьд эрчим хүчний хэрэглээний өсөлтийг нэмэгдүүлж байгаа бөгөөд хоногийн оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчний дутагдалд орж ОХУ-аас цахилгаан эрчим хүч худалдаж авч хангадаг нь үндсэндээ ОХУ-ын эрчим хүчний системээс хараат байдалд байгааг харуулж байна. Иймээс эрчим хүчний салбарын бие даасан байдлыг хангах, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, маневарлах чадвартай эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэвтрүүлж, эрчим хүчний найдвартай эх үүсвэр, хангамжийг бий болгох шаардлагатай юм.
Манай компани нь Улаанбаатар хотод 50 МВт чадал бүхий “Эрчим хүчний хуримтлуур”-ын станц байгуулах зорилгоор холбогдох тооцоо судалгааг гүйцэтгэн энэхүү Техник Эдийн Засгийн Үндэслэлийг боловсруулаад байна.
Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого 2015-2030, Эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр, тогтвортой хөгжлийн стратеги зэрэг төрийн бодлогын баримт бичгүүдэд Эрчим хүчний хуримтлуурын станц барьж байгуулах зорилго зорилт бүрэн нийцэж байна. Төрийн дээрх бодлогуудын дагуу 2005 онд Монгол Улсын Их Хурал 32 тоот тогтоолоор “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр”, 2007 оны 1 сарын 11-нд “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталсан. Дээрх хөтөлбөр, хуулийн хүрээнд Сэргээгдэх эрчим хүчний салбар идэвхитэй хөгжиж, Салхит 50МВт СЦС, Дарханы 10МВт НЦС зэрэг төслүүд ашиглалтанд орсны зэрэгцээ хэрэгжих шатанд явж буй төслүүд нэлээд байна.
Нар салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр нь байгалийн хүчин зүйл, цаг уурын нөхцөлөөс хамааралтай, тогтвортой бус, хэрэглээнд найдвартай эх үүсвүүр болж чаддаггүй зэрэг дутагдалтай талуудтай. Өндөр хөгжсөн улс орнуудад сэргээгдэх эрчим хүчтэй хослуулан Эрчим хүч хуримтлуурын станцыг ашиглах замаар сэргээгдэх эрчим хүч дэх цаг уурын нөлөөллийг бууруулж, найдвартай эх үүсгэвэр болгон ашиглаж байна.

Top