ЕВРОПЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ

ОХУ-ын Украинтай хийж байгаа дайн нь дэлхийн эрчим хүчний зах зээлд ноцтой үр дагаврыг үзүүлж байгаа ба 1970-аад оноос хойш түүхий нефтийн үнийн хамгийн өндөр өсөлтийг бий болгов. Уг үнийн өсөлт нь өргөн хүрээг хамарч байгаа бөгөөд 2023 оны эцэс гэхэд дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийг 1%-иар бууруулах магадлалтай гэж таамаглаж байна.

Газрын тос ба нүүрсний үнийн өсөлт

2022 оны эхний хагаст Европ дахь байгалийн хийн үнэ 2021 оны мөн үеэс дөрөв дахин, нүүрсний үнэ гурав дахин өссөн нь цахилгааны бөөний зах зээлийн үнэ гурав дахин өсөх шалтгаан болоод байна. Дэлхийн цахилгаан эрчим хүчний зах зээлийн үнийн индекс 2016-2021 оны эхний хагас жилийн дунджаас хоёр дахин өндөр түвшинд хүрсэн байна.

Байгалийн хийн үнийн өсөлт

2022 оны эхний хагаст эрчим хүчний үнэ олон оронд, ялангуяа Европт хурмал түлшний зах зээлийн энэхүү байдлаас болж огцом их хэмжээгээр өсөж байна. Цахилгаан эрчим хүчний зах зээл дээрх үнийн сүүлийн  дөрвөн улирлын буюу 2022 оны II улирлын дундаж үзүүлэлт 2016 оны жишиг үетэй харьцуулахад дунджаар гурав дахин, 2021 оны мөн үеэс 60 хувиар өндөр байна.

Олон улсын зах зээл дэх  цахилгаан эрчим хүчний дундаж үнэ

Европын эрчим хүчний үнийн өсөлт нь хурмал түлшний үнийн огцом өсөлттэй шууд хамааралтай юм. Европын холбооны улсуудын нийт хийн хэрэглээ 412 bcm (тэрбум м3) бөгөөд энэ хэрэглээний 42%-ийг ОХУ-с нийлүүлж, 37%-ийг нь эрчим хүчний үйлдвэрлэлд ашигладаг тул цахилгааны үнийг тогтооход их хэмжээний нөлөөг үзүүлж байна.

Европын зах зээлд 2022 оны эхний хагаст эрчим хүчний бөөний үнэ 2016-2021 оны эхний хагасын дунджаас 3-4 дахин өндөр байгаа ба Германд суурь горимд ажилладаг станцуудын үйлдвэрлэсэн эрчим хүчний дундаж үнэ 186 евро/МВт.цаг хүржээ.

 Хурмал түлш шатаах үед ялгаруулсан CO2-н бохирдлыг хэмжээг үнэлж төлбөр  тооцдог уг үнэ мөн мэдэгдэхүйц өссөн бөгөөд 2022 оны эхний хагаст 2021 оны мөн үетэй харьцуулахад 90%-иар өсч, дунджаар 84 евро/тн CO2 байна. 2022 оны 6-р сард Европын холбооны ETS (Emissions Trading System) төлбөрийн үнэ 2020 оны 1-р сарынхаас 3 дахин өссөн буюу мэдэгдэхүйц өсөлтийг үзүүлсэн хэдий ч уг өсөлт нь хийн түлшний үнийн өсөлттэй харьцангуй хийгээр үйлдвэрлэх эрчим хүчний үнийн өсөлтийн багахан хувийг эзэлж байна. 2020 оны 1-р сард уг төлбөр нь нийт зардлын 30 орчим хувийг эзэлдэг байсан бол түүнээс хойш хийн түлшний үнэ 8 дахин нэмэгдэж 2022 оны 6-р сарын байдлаар 15%-иас доош болтлоо буурсан байна. Ерөнхийдөө 2020 оны 1-р сараас 2022 оны 6-р сар хүртэлх зардлын өсөлтийн 90% нь хийн түлшний үнэ өссөнтэй холбоотой бол ердөө 10% нь нүүрстөрөгч ялгаруулалтын төлбөрийн үнийн өсөлт байгаа юм.

Европын холбоо байгалийн хийн түлшээр ажилладаг цахилгаан станцын сарын дундаж зардлын задаргаа, 2018 оны 1-р сараас 2022

ОХУ нь байгалийн хийн хамгийн том экспортлогч, түүхий газрын тосны олборлолтоороо эхний гуравт ордог ба дэлхийн нүүрсний экспортын тавны нэг орчмыг дангаараа эзэлж байна. Мөн Европ дахь атомын цахилгаан станцуудыг ажиллуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. 2020 онд Европын холбоонд нийлүүлсэн ураны 25%-ийг Оросын боловсруулах, баяжуулах үйлдвэр хангаж байна. Атомын цахилгаан станцын түлш нь эрчим хүчний өндөр нягтралтай тул хатуу түлшнээс илүү хялбар нөөцлөх боломжтой. Европын атомын энергийн нийгэмлэг (Евратом) 2021 оны 7-р сарын дунд үед гаргасан жилийн тайландаа одоогийн ураны нөөц нь Европын холбооны атомын цахилгаан станцуудыг дунджаар 2.75 жил түлшээр цэнэглэх боломжтой гэж тооцоолжээ. Харин зарим реакторуудын нөөц 2023 оны эцэс гэхэд дуусаж магадгүй. Реакторын загвараас хамааран зарим атомын станц нь зөвхөн Оросын цөмийн түлшнээс хамааралтай байна.

2021 оны хоёрдугаар хагасаас Европын олон орнууд эцсийн хэрэглэгчийн цахилгааны үнийн өсөлтийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж байна.  2021 оны 9-р сараас 2022 оны 6-р сарын хооронд айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгааны өндөр төлбөрөөс хөнгөлөх арга хэмжээний санхүүжилт зарим улс орнуудад 43 тэрбум евро (Герман) хүрсэн ба зарим орнуудад үндэсний ДНБ-ий 3.5  хувь  (Грек, Литва) эзэлж байна. Хэрэглэгчийн цахилгаан хэрэглээний төлбөрийг бууруулах, хөнгөлөх нь гол төлөв тодорхой бүлгийг дэмждэг. Тухайлбал арав гаруй улс эрчим хүчний зах зээлийн жижиглэнгийн үнийг зохицуулж, арваас доошгүй улс бизнес эрхлэгчдийг дэмжиж, 25-аас доошгүй улс орлого багатай хэрэглэгчдэд татаас олгосон байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ өндөртэй үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн өртөгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахын тулд Их Британи 2022 оны 4-р сард Эрчим хүчний хэрэглээ ихтэй үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрөө дахин гурван жилээр сунгажээ.

2021, 2022 онд эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөг өссөн нь нийлүүлэгчдэд сөргөөр нөлөөлж Их Британид 20, Германд 30 гаруй эрчим хүчний жижиглэнгийн түгээх, хангах компаниуд дампуурчээ. Япон зэрэг Европын бус орнуудад ийм мөн адил нөхцөл байдал үүссэн. Зарим түгээх, хангах компаниуд худалдан авалтын зардлыг нөхөхгүй, эрсдэлээс хангалттай хамгаалагдаагүй эрчим хүч худалдан авалтын гэрээ байгуулсан нь хүнд байдалд оруулаад байгаа юм. 

Мөн түүнчлэн байгалийн хийн нийлүүлэлтийн хязгаарлалтаас үүсэж буй үнийн өсөлтөөс шалтгаалаад эрчим хүч үйлдвэрлэлийн зах зээлд нүүрсэн цахилгаан станцуудын хүчин чадал нэмэгдэх төлөвтэй байна. Европт эрчим хүчний нийлүүлэлтийн аюулгүй байдлыг сайжруулахын тулд хийн хэрэглээг бууруулж, нүүрсэн цахилгаан станцуудыг үе шаттайгаар зогсоох ажлыг хойшлуулан, хязгаарлалтуудыг цуцлах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна.

Top