2021 оны дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтэц

Дэлхийн эрчим хүчний 2022 статистикийн тайланд дурдсанаар 2021 оны дэлхийн эрчим хүчний хэрэглээний 31 хувийг газрын тос, 26.9 хувийг нүүрс; 24.4 хувь нь байгалийн хий; 6.8 хувь нь ус; 4.3 хувь нь цөмийн эрчим хүч; 6.7  хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангаж байна.

Нүүрсээр болон газрын тосоор үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчний хэмжээ зонхилсон хэвээр байгаа ч сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн бүтцэд үзүүлэх хувь хэмжээ тасралтгүй буурч 31% болон 27%-д хүрсэн байна. Байгалийн хийгээр үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ аажмаар өсөж, 2011 оноос хойш 3.5%-ийн өсөлт үзүүлсэн.  Сэргээгдэх эрчим хүчний хувьд мөн адил 13.5%-тай байгаа бөгөөд анх зөвхөн усан цахилгаан станц ашиглан үйлдвэрлэдэг байсан бол 2000 оноос хойш нар, салхины эрчим хүчний хөгжлөөс үүдэлтэйгээр энэхүү өсөлт нэмэгдэж байна. 1970-1980-аад онд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл тогтмол өсөж, цахилгаан үйлдвэрлэлийн 17 орчим хувийг эзэлж байсан бол 2000-аад оноос хойш ойролцоогоор 15%-иар буурч 6.7% болжээ.

Зураг 1. Эрчим хүчний эх үүсвэрийн төрөл
Зураг 2. 2000-2021 оны Дэлхий эрчим хүчний нөөцийн хэрэглээ болон эх үүсвэрийн үйлдвэрлэлийн бүтэц

Зураг 3-т харуулсанчлан 2021 оны хувьд дэлхийн улс орнуудын зөвхөн чулуужсан түлшээр үйлдвэрлэсэн эрчим хүчний үйлдвэрлэлийн мэдээлэлд үндэслэн харвал чулуужсан түлшний үйлдвэрлэлийн хэмжээ 2010 онтой харьцангуй 4.3%-иар буурсан. (2010 онд 86.6%, 2021 онд 82.3% болж буурчээ).

Зураг 3. 1970-2021 онуудын эрчим хүчний нөөцийн үйлдвэрлэлийн өөрчлөлт

Бүс нутгийн түвшинд эрчим хүчний хэрэглээний бүтцийг авч үзвэл нефтээр үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээгээрээ хамгийн өндөр буюу 43%-ийг Ойрхи Дорнодын бүс нутаг түүний дараагаар Өмнөд болон Төв Америкийн бүс нутаг 40%-тай байна. Харин CIS буюу Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн бүс нутаг нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 54% орчмыг байгалийн хийн үйлдвэрлэлээр, Ойрхи Дорнодын бүс нутаг 55%-ийг хангаж байна. Ингэснээрээ Ойрхи Дорнодын бүс нутаг нь нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 98%-ийг чулуужсан түлшээр үйлдвэрлэдэг гэсэн үг юм. Харин Азийн бүс нутаг нүүрсээр үйлдвэрлэх эрчим хүчний хэрэглээгээр хамгийн өндөр буюу 56%-ийг, нефтээр 26%-ийг үйлдвэрлэж байгаа бол сүүлийн жилүүдэд СЭХ-ний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж 11%-д хүрсэн байна.  Европын холбооны улсуудыг хувьд эрчим хүчний эх үүсвэрийн төрөлжсөн байдал бусад бүс нутагтай харьцангуй жигд байдалтай байгаа нь харагдаж байна. Эрчим хүчний хэрэглээний 33%-ийг нефть, 24%-ийг байгалийн хий, 12%-ийг нүүрс, цөмийн эрчим хүчээр 9%, СЭХ-ээр 19%-ийг үйлдвэрлэж байна.

Зураг 4. 2021 оны бүс нутгийн эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтэц

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хэмжээ хурдацтай өсч, чулуужсан түлшний хэрэглээг орлож байна. 2022 онд цөмийн эрчим хүч ашиглалтын хэмжээ 3%-иар буурч, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл 7%-иар нэмэгдэж, чулуужсан түлшээр ажилладаг станцуудын нийт үйлдвэрлэлийн хэмжээ 1%-иар буурах төлөвтэй байна. Нүүрсээр үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ нь АНУ, Хятад зэрэг улсуудад буурч байгаа хэдий ч Европын өсөлттэй холбоотойгоор дэлхийн нийтийн хэмжээнд тэнцвэржиж байгаа бол хийгээр үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ Европ болон Төв, Өмнөд Америкийн хэрэглээний бууралтаас шалтгаалан 2.6%-иар буурна гэж тооцож байна.

2022 оны хувьд дэлхий нийтийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт 2021 онтой харьцангуй багасах төлөвтэй байна. Учир нь 2021 онд Ковид 19-ын хөл хорио суларч эдийн засаг хурдацтай сэргэсний нөлөөгөөр өсөлтийн хэмжээ 6% байсан бол 2022 оны эрчим хүчний эрэлтийн хэмжээг 2.4% байхаар таамаглаж байна. Энэ нь 2015-2019 онуудын дундаж өсөлтийн хэмжээтэй дүйцэж байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал, ОХУ Украйн руу довтолсны дараах эрчим хүчний үнийн өсөлт, нийгмийн эрүүл мэндийн хязгаарлалтын шинэчлэл зэргээс үүдэлтэй юм.

Top