GRID CODE БУЮУ НЭГДСЭН СҮЛЖЭЭНИЙ ДҮРЭМ

Эрчим хүчний салбар дэлхий нийтээрээ тогтвортой байдалруу хурдацтай шилжиж байна. 2011 оноос хойш жилд ойролцоогоор 100 ГВт  СЭХ-ний станцууд ашиглалтанд орж байна. 2014 оны хувь нийт цахилгаан үйлдвэрлэлийн 22%-ийг сэргээгдэх эрчим хүчний эзэлж байсан. Үүнээс усан цахилгаан 16.4%, хувьсах сэргээгдэх эрчим хүч (Variable Renewable Energy VRE) буюу нар, салхи 3.6%-ийг тус тус эзэлж байжээ (2018 оны байдлаар СЭХ 25.1% үүнээс УЦС 15.8%, нар, салхи 7% байна.). Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд хувьсах СЭХ-ний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлж байгаа бөгөөд IRENA-ын хийсэн судалгаагаар 2030 он гэхэд 20% -иар нэмэгдэх төлөвтэй байна.

    Grid code буюу Нэгдсэн сүлжээний дүрэм нь хувьсах СЭХ-ний эх үүсвэрийг сүлжээнд амжилттай нэгтгэхэд чухал ач холбогдолтой юм. Эрчим хүчний системийг хэвийн ажиллуулахад хувьсах СЭХ-ний үйлдвэрлэл нь ердийн үеийн ажиллагаанаас ялгагдах тодорхой бэрхшээлүүдийг бий болгодог. Эдгээр бэрхшээлийн хариуд хувьсах СЭХ-ний технологи хурдацтай хөгжиж байгаа бөгөөд хуримтлуур болон хяналт удирдлагын систем зэрэг технологиудыг нэвтрүүлж, эрчим хүчний системд шинээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж байна. Технологийн болон ашиглалтын эдгээр дэвшил нь цахилгаан эрчим хүчний сүлжээг ажиллуулах илүү уян хатан байдлыг бий болгож, хувьсах СЭХ-ний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлсээр байна. Хувьсах СЭХ-ний эх үүсвэр бүхий системийг хэрэглэгчдэд хүргэж, цахилгаан сүлжээнд амжилттай нийлүүлэхэд шаардлагатай гол гурван бүрэлдэхүүн хэсгүүд бол “Технологи, Ашиглалт, Зохицуулалт” юм.

   Нэгдсэн сүлжээний дүрэм нь эрчим хүчний систем, эрчим хүчний зах зээлийн үйл ажиллагаа, үйл ажиллагааны тогтвортой байдал, хангамжийн аюулгүй байдал, худалдаа зэрэг олон талын ажилагааг зохицуулах дүрэм гэж ойлгож болно. Нэгдсэн сүлжээний дүрэм нь дотроо  сүлжээнд холбогдох дүрэм, үйл ажиллагааны дүрэм, төлөвлөлтийн дүрэм, зах зээлийн дүрэм гэсэн хэд хэдэн багц дүрмээс бүрддэг.

  Сүлжээний холболтын дүрмийн (Grid connection code)  үүрэг нь тухайн улсын цахилгаан сүлжээнд хувьсах СЭХ буюу салхи болон нарны станцууд  холбогдох үед тухайн станц нь сүлжээний холболтын дүрэмд тусгагдсан техникийн шаардлагыг хангах явдал юм. Ингэснээрээ  системийн тогтвортой байдал, найдвартай ажиллагааг хадгалахын зэрэгцээ сүлжээнд холбогдох үед станцыг эзэмшигч болон үйл ажиллагааг явуулах талын хооронд шударга байдлыг бий болгож өгдөг. Нэгдсэн сүлжээний дүрэм боловсруулах үйл явцад дараах элементүүдийг багтаах ёстой: техникийн судалгаа, мэдээлэл цуглуулах, улс орны онцлог шинж чанарыг үнэлэх; экспертүүдийн Нэгдсэн сүлжээний дүрэмын төсөл; төслийн талаарх талуудын зөвлөлдсөн байдал; Нэгдсэн сүлжээний дүрмийн баталгаа; боловсруулалт; Нэгдсэн сүлжээний дүрмийг хэрэгжүүлсний дараах бодлогын өөрчлөлт, туршлагад үндэслэсэн засвар зэрэг олон зүйлсийг авч үзэж тусгах шаардлагатай болдог. Нэгдсэн сүлжээний дүрмийг боловсруулахдаа өмнөх туршлагыг ашиглахад тустай байдаг хэдий ч улс бүр өөр өөрийн гэсэн онцлог шинжтэй байдаг тул үг бүрчлэн хуулах боломжгүй юм.

   Энэ мэдээллийг Нэгдсэн сүлжээний дүрмийн талаарх анхан шатны мэдээлэл өгөх зорилгоор бэлтгэсэн бөгөөд IRENA-с 2016 онд гаргасан “SCALING UP VARIABLE RENEWABLE POWER: THE ROLE OF GRID CODES” гэх тайланг ашиглалаа. Илүү ойлгомжтой хялбар болгох үүднээс доорх зургуудыг бэлдлээ мөн дэлгэрэнгүйг Англи хэл дээр уншихийг хүсвэл холбоос линкээр тайлантай танилцаарай.

Top