Дэлхийн эрчим хүчний трилемма индекс- 2018

Эрчим хүчний трилеммагийн гурван хэмжүүр: 

Эрчим хүчний аюулгүй байдал – Дотоод болон гадаад эх үүсвэрээс анхдагч эрчим хүчний хангамжийг үр дүнтэй удирдах, эрчим хүчний дэд бүтцийн найдвартай байдал, одоогийн болон ирээдүйн эрчим хүчний хэрэгцээг хангах чадвар.

Эрчим хүчний эрх тэгш байдал – Хүн амын хувьд жигд тархсан эрчим хүчний хангамжийн хүртээмж, боломж.

Байгаль орчны тогтвортой байдал – Эрчим хүчний хангамж, эрэлт хэрэгцээний үр ашгийг дээшлүүлэх, сэргээгдэх болон бусад бага нүүрстөрөгчийн эх үүсвэр бүхий эрчим хүчний хангамжийг хөгжүүлэх.

Бүс нутгийн тойм

  • Хойд Америк: Эрчим хүчний шилжилттэй холбоотой гүйцэтгэл сайн байна.

Түлш, сэргээгдэх эрчим хүч болон цөмийн эрчим хүчний нөөцөөр баялаг бүс нутаг учраас хэрэглэгчдийг найдвартай, боломжийн үнэтэй эрчим хүчээр хангах чадвартай. Гэсэн хэдий ч тус бүс нь цэвэр эрчим хүчний эх үүсвэр рүү шилжихтэй холбоотой бэрхшээлийг шийдвэрлэхийн зэрэгцээ эрчим хүчний хангамжийн аюулгүй байдал, сүлжээний найдвартай байдлыг хангах гэсэн хоёр үндсэн сорилттой тулгарч байна. АНУ-д уламжлалт бус шинэ эх үүсвэр бүхий эрчим хүчний хангамж их бөгөөд үүнд дэд бүтцийн хувьд цэвэр эрчим хүчний бодлогыг бий болгож өгсөнтэй холбоотой гэж үздэг. Канадчууд Парисын хэлэлцээрийн  зорилтыг биелүүлж ажилласан хэвээр байгаа бөгөөд найдвартай байдал болон тогтвортой байдлын сорилтуудыг шийдвэрлэсэн. Мексикий шинэ засгийн газар эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн талаархи байр сууриа зарлаагүй байгаа. Тухайн бүс нутаг нь эрчим хүчний хэрэглээ, цаг агаарын эрс тэс байдал, шинэ кибер эрсдэлийн нөхцлүүдэд онцгойлон анхаарч дэд бүтцийн тогтвортой байдлыг сайжруулах шаардлагатай.

  • Европ: Трилемма сайн үзүүлэлтийг бүрдүүлэхийн тулд хамтын ажиллагааны бодлогыг боловсруулах шаардлагатай.

Европын бүс нутаг нь эрчим хүчний тогтвортой байдал, боломж чанарын үзүүлэлтээр сайн гэж тодорхойлогддог боловч урт хугацааны туршид эрчим хүчний аюулгүй байдлын бэрхшээлтэй байна. Зах зээлийн загварыг бүс нутгийг интеграцчлахтай уялдуулах замаар эрчим хүчний шилжилтийг амжилттай зохицуулж чадна гэж үзэж байна. Европын эрчим хүчний зах зээлийн хөгжилд улс хоорондын эрчим хүчний зах зээлийн ялгаатай зохицуулалт нөлөөлдөг бөгөөд үүнээс зайлсхийсэн тулд нэгдсэн зохицуулалт шаардлагатай, тухайлбал цахилгаан эрчим хүчний зах зээлийг нэгтгэхэд нийцсэн хөрөнгө оруулалтыг хангах шаардлагатай юм. Эрчим хүчний системийг дижиталжуулах, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгах, төвлөрлийг сааруулах явцад эрчим хүчний аюулгүй байдлыг хангах нь бүс нутгийн болон дэд бүтцийн бодлого боловсруулахад илүү хүчтэй хамтын ажиллагаа шаардагдана.

  • Латин Америк, Карибын тэнгис: Бүсийн интеграци болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг бий болгох

Тус бүс нь эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, эрчим хүчний хүртээмж, чадварыг сайжруулах чиглэлээр олон санал санаачлага гаргадаг. Бодлогын шинэчлэл нь бүс нутгийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг сайжруулах боломжийг олгосон. Сэргээгдэх эрчим хүч нь эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулах үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл хэвээр байгаа боловч бүс нутгийн одоо байгаа усны дэд бүтэц болоод цаашдын боломж нь гидрологийн эргэлт, эрс тэс цаг агаарын өөрчлөлтийн бэрхшээлтэй тулгарч байна. Иймээс салхи болон нарны эрчим хүчинд илүү төвлөрч зарим улсад усан цахилгаан станц, түлшээр эрчим хүч үйлдвэрлэдэг станцыг ашиглах замаар улс хоорондын хамаарлыг тэнцвэржүүлсэнээрээ баялагийн тэгш бус байдал үүссэн тухайн бүс дэхь орон нутгийн эрчим хүчний хүртээмжийг сайжруулах боломжийг олгодог. Цахилгаан сүлжээг нэгтгэж, эрчим хүчийг төрөлжүүлсэнээр уг бүс нутгийн трилемма гүйцэтгэл илүү өндөр үзүүлэлттэй болно.

  • Ази: Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангахын тулд олон арга барилыг ашиглах

Эрчим хүчний нөөц, эдийн засгийн хувьд асар том, өөр хоорондоо ялгаатай улсуудаас бүрдэх бүс нутаг болох Азид эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж, эрчим хүчний хүртээмжийг өргөжүүлэн, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой амлалтыг биелүүлэх гэсэн нийтлэг бэрхшээлтэй тулгарч байна. Улс орнууд сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурыг ашиглах замаар эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, эрчим хүчний хэмнэлт, цахилгаан тээврийн хэрэгсэлд төвлөрч эрчим хүчний трилемма үзүүлэлтийг сайжруулах олон хувилбаруудыг судалж байна. Сэргээгдэх эрчим хүч таван жилийн хугацаанд тус бүс нутагт бараг хоёр дахин нэмэгдэж Хятад, Энэтхэг зэрэг улс үйлдвэрлэлээрээ тэргүүлж байна. Гэвч түлшний импортын хэрэглээ өндөр хэвээр байгаа нь эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор бүс нутгийг холбосон нэгдсэн сүлжээ, дамжуулах хоолойн боломжит хувилбаруудын судалгаа үргэлжилсээр байна.

  • Ойрхи Дорнод, Персийн булангийн улсууд болон Хойд Африк: Эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулах

 Уг бүс нутгийн олон улсууд эрчим хүчний хүртээмж, чадвахийн хэмжүүрээр сайн ажилладаг боловч эрчим хүчний аюулгүй байдал болон системийн байгаль орчин дахь тогтвортой байдал нь хүндрэл бэрхшээлтэй байдалд байдаг. Тухайн бүс нутгийн улсууд эрчим хүчний өндөр эрчимжилт (intensity- эдийн засгийн хувьд эрчим хүчний үр ашиггүй байдлын хэмжүүр), хүлэмжийн хийн ялгаруулалт, уламжлалт эрчим хүчний эх үүсвэрээс ангижрах зэрэг бэрхшээлүүдийг даван туулах шаардлагатай. Усны хомсдол нэмэгдэхтэй зэрэгцэн цахилгаан, усны зарцуулалт, хөргөлтийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахгүй бол Эрчим хүчний аюулгүй байдал, Байгаль орчны тогтвортой байдлын хэмжүүрүүдэд аюул заналхийлж болзошгүй юм. Сэргээгдэх болон цөмийн эрчим хүчний хөтөлбөрүүдийг Арабын Нэгдсэн Эмират улсад, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулах, системийн тогтвортой байдлыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

  • Саб Сахарын Африк: Эрчим хүчний гүйцэтгэлийг сайжруулахын тулд үр дүнтэй ажиллагаа болон бодлого хэрэгтэй

46 улстай бараг нэг тэрбум хүн амтай тус бүс нутаг нь дэд бүтцийн том цоорхойтой холбоотойгоор эрчим хүчний трилеммагийн гурван асуудалд бэрхшээлтэй тулгарсаар байна. Эрчим хүчний дэд бүтцийн одоогийн нөөц нь өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эрэлтийг хангахад хангалтгүй, хангалтгүй хангамжаас болж хүндрэлтэй байдалд байна. Бүс нутгийн нөөцийн чадавхийг нээж, ирээдүйн эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангахын тулд бүс нутаг эрчим хүчний бодлого, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, байгууллагын чадавхийг бэхжүүлэх, нэгдсэн сүлжээ болон тархмал эрчим хүчний хангамжийг сайжруулахтай холбоотойгоор хөрөнгө оруулалтыг татах зоригтой, хамтарсан арга хэмжээ авах шаардлагатай байна. Хил дамнасан дэд бүтцийг илүү хөгжүүлснээрээ бүс нутгийн нөөцийн солилцоог сайжруулж чадна.

Top